Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр /2020.09.23/ Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, тус яамны харъяа агентлагууд, төрийн өмчит болон төрийн бус өмчийн их дээд болон, ЕБС –иуд, англи хэлний сургалтын байгууллагуудын төлөөлөл, Хэлний бодлогын зөвлөл, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн докторууд зэрэг боловсролын бүх шатны байгууллагын төлөөллүүд оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ "Монголын өнгөрсөн 30 жилийн боловсролын үйл явцыг харахад тэгш бус байдал бий болсон. Тодруулбал, орлогын ялгаатай байдал нь боломжийн хувьд тэгш бус байдлыг бий болгож байна. ЭЕШ-ын дүнгээс харахад 650 ба түүнээс дээш оноо авч буй сурагчдын эцэг эхийн орлого мөн дунджаас өндөр байна. Нэг сурагчид ногдох хувьсах зардал ялгаатай байна. Сургуулиудын анги дүүргэлт ихээхэн ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хамрагдаж чадахгүй байна. Мөн орлого багатай айл өрхийн хүүхдүүд сургуулиас завсардах явдал өндөр байна.
Сүүлийн 20 гаруй жилд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрүүд удаа дараа шинэчлэгдсэн ч багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт түүнийг дагаж хангалттай явагдаагүй. Жил бүр нийт багшийн 13 хувь нь л сургалтад хамрагдаж бусад нь чадахгүй байгаа.
Багшийн ажлын ачаалал их байгаа нь сургалтын чанарт нөлөөлж байна. Олон улсын жишгээс харахад багшийн танхимд заах цаг бага байх тусам сургалтын чанар сайн байдаг. Тэгвэл МУ-ын хувьд багшийн норм 7 хоногт 40 цаг, үүнээс дунджаар 19-25 цагийг хичээл заахад, 15 орчим цагийг хөтөлбөр сайжруулахад зарцуулж байна.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээг төр иргэн бүртээ тэгш, хүртээмжтэй олгох ёстой. Тийм учраас Алсын хараа 2050, МУ-ыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бүх л баримт бичигт Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан юм.
Багшийн ажлыг зөв үнэлэх, урамшуулах асуудлыг шинэчлэх нь чухал байна" гэв.
Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид, багш нар “ЕБС дахь англи хэлний хөтөлбөр, боловсролын чиг хандлага”, “Боловсролын салбар дахь англи хэлний бодлого, хэрэгжилт, үр дүн”, “Англи хэлний багш нарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд”, “Багшийн мэргэжил, чадварыг хөгжүүлэх, арга зүйн ур чадварыг дээшлүүлэх”, “Багшийн хөгжил, үнэлгээний аргаар англи хэлний сургалтын чанарыг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлээр 1912 онд Богд хаант улсын Засгийн газар Гадаад хэргийн яамныхаа харьяанд бага сургууль байгуулж орос, англи хэл зааж эхэлсэн цагаас хойш Монгол хэлний тухай хуулийн дагуу 2015 оноос ЕБС-д гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заах болсон хүртэлх түүхийг хуваалцсан зэргээр англи хэлний сургалтын талаар өргөн хүрээнд хөндсөн юм.
МУБИС-ийн Хэл шинжлэлийн доктор, Англи хэлний багш О.Мягмарсүрэн:
Англи хэлний оноогоор тэргүүлж буй сургуулиуд нь төрийн бус сургууль байна. ЕБС болон их дээд сургуулиуд олон улсын стандартын дагуу үнэлдэг. Энэ нь шударга дүгнэгддэг учир дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. ЕБС-ийн сурагчдын англи хэлний түвшинг шалгаж, багш нарт хариуцлага тооцож болно. Улмаар үр дүнтэй сургалт явуулсан багшийг дэмжин заах аргыг нь түгээх хэрэгтэй. “Lyric” гэх үгийг ЕБС төгсөгчдийн 80-90 хувь нь буруу дуудлагаар уншсан. Үүнээс англи хэлний түвшин харагдаж байна. Англи хэлний багшийг олон улсын оноотой байх шаардлага тавибал сурагчдын оноо ахина.
Ч.Нарангэрэл: Сургууль бүрд гадаад багш ажиллуулах замаар багшийг хөгжүүлэх хэрэгтэй
Шинэ-Үе бүрэн дунд сургуулийн англи хэлний багш Ч.Нарангэрэл “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэгт оролцож, "Англи хэлний багш нарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа.
Англи хэлний багш нараа төлөөлөн илтгэл тавьсан тэрбээр "Англи хэлний багш нарт тулгамдаж байгаа асуудлуудыг би үндсэндээ дөрвөн хэсэгт тодорхойлсон. Нэгдүгээрт цагийн ачаалал, хоёрдугаар хичээлийн бэлтгэл хийх байдал, гуравт сургалтын орчин, дөрөвт багшийн хөгжил гэсэн ангиллаар хувааж үзэн танилцуулгаа бэлтгэлээ.
Багш нарын хичээл заах цагийг харвал, өдөрт дунджаар 4.8-5.4 цагийг хичээл заахад зарцуулж байна. Үргэлжлүүлээд багш журналаа бөглөдөг. Үүнд хамгийн багадаа өдөр бүр 30 минут зарцуулдаг ч зарим тохиолдолд хэдэн цагийг зарцуулах үе гардаг. Долдугаар ангийн 7 бүлэгт хичээл ордог багш, нэг сэдвээ долоон удаа/журнал бүрийн ард/ хуулж бичнэ. Үргэжлүүлээд дэвтрээ засна. Хамгийн багадаа 15, цаашлаад 30, 40 хүүхдийн дэвтэр засахад 1-2 цаг зарцуулдаг. Өдөр бүрийн даалгаврыг шалгах зав үнэхээр гардаггүй.
Хичээлдээ бэлдэх ажил тест хувилах, үзүүлэн таниулах материал хэвлэхээс эхэлнэ. Бэлэн материал аваад түүнийгээ бэлтгэхэд л 2-3 цаг зарцуулна.
Дараагийн ээлжид даасан ангийн ажлууд орж ирнэ. Бичиг баримт эмхлэх, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах, багш хоорондын яриа хийх, эцэг эхчүүдтэй ярих, уулзах, хуралдах гээд хамгийн багадаа 9 цагийг нэг өдрийн үйл ажиллагаанд зарцуулж байна.
Үүн дээр нэмээд гэнэтийн ажлууд ороод ирдэг. Өнөөдөр, маргаашийн дотор сурах бичиг, дүрэмт хувцасны талаар мэдээллийг системд оруул гээд даалгавар ороод ирнэ. Уг нь 60 хүүхдийн маань нэр байгаад ард нь дүрэмт хувцастай, хувцасгүй, сурах бичигтэй, бичиггүй гээд тэмдэглээд явдаг бол маш хурдан хугацаанд хийх боломжтой. Гэтэл систем нь хүүхэд бүрийн нэр рүү нэг бүрчлэн орж, мэдээлэл оруулах тохиргоотой. Бүр дүрэмт хувцасных нь үйлдвэрийг хүртэл тэнд нэг бүрчлэн оруулдаг. Дээр нь систем нь маш удаан уншдаг. Ихэнх багш нар гэр бүлдээ, өөрийнхөө хүүхдэд зарцуулах цагаа хумслаад гэртээ системийн ажлыг хийж байгаа.
Хичээлтэй холбоотой эдгээр ажлуудаас гадна ангиа тохижуулна, жижүүр багш хийнэ.
Багшийн цалинд бичиг хэргийн зардлыг оруулж өгмөөр байна. Бичгийн цаас, принтерийн хор гээд зардлууд байнга хувиасаа гаргаад явж байгаа.
Ийм нөхцөлд багш яаж ажлаа амжуулж, сургалтын чанараа сайжруулах вэ гэдэг асуудал болж байна. Хувийн сургуулийн хувьд хүүхдүүддээ давтлага их өгдөг, улсын сургуулийн норм цаг 5 бол хувийн сургуулийнх 6-10. Хот болон орон нутгийн улсын сургуульд энэ боломж байхгүй учраас ЭЕШ-ын оноо нь бага байгаа.
Сургалтын орчин хэлний хичээлд маш чухал. Нэг л асуултаа 25-30 хүүхдээс асууж, эргээд хариулт авахад 40 минут хүрэхгүй. Чадахгүй байгаа хүүхдээ яриулах гэж оролдож байх зуур цаг өнгөрөөд төлөвлөгөөт хичээлээ зааж амжихгүй байна. Дээд тал нь 15 хүүхэдтэй байхаар хуваарилаад явах гэхээр багш болон анги танхим хүрэлцэхгүй.
Багш өдөрт 19 цагийн хичээл заах нормтой байгааг 15 болгомоор байгаа юм. Би энд нэг эмзэг сэдвийг хөндмөөр байна. Сүүлийн үед багш нар цус харвалтад өртөх болсон. Тэтгэвэрт гараагүй байхдаа ажлын байран дээрээ цус харвах тохиолдол гарсан. Тэтгэврээ авч чадахгүй, ажлынхаа үр дүнг үзэхгүй байна.
Хичээлийн хэрэглэдэхүүний нэгдсэн сантай болох шаардлагатай. Ийм сан байвал цаас хэвлэхгүйгээр шууд интернэтээр тус санд нэвтрээд, хүүхдүүддээ үзүүлээд заачихмаар байна. Номоо дагуулаад сан бий болгоно гэсэн үг. Ингэвэл багшийн хичээлд бэлдэх цаг багасна.
Нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулах шаардлага бий.
Сургууль бүрд гадаад багшийг ажиллуулах замаар багшийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.
Боловсролын хүрээлэн, Доктор, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Ундармаа:
Гадаад хэлний сургалтын өнөөгийн байдал дараах гурван асуудал байна гэж үзэв. Үүнд:
- Олон улсын жишигт хүрч, үндэсний онцлогт нийцсэн байх,
- Мэдээлэл олж авах, боловсрол эзэмших, ажил хэргийн гол харилцааны хэрэгсэл байх,
- Англи хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дараах гурван шийдлийг танилцуулав. Ингэхдээ англи хэлний сургалтын гарын авлага, материалыг үндэсний онцлогт нийцүүлэх, үайн болон албан бус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, багшийн арга зүйг сайжруулах, гадаад хэл заах өвөрмөц аргаар мэргэшүүлэх ажлыг өргөжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
Мөн тэрбээр хичээлийн цагийн хувьд манай улс долоо хоногт 3/ахлах ангийн сонгон судлах цаг 2-6/, БНХАУ 2-5 цаг, БНСУ 2-5 цаг, Япон 3-5 цаг, Дани 2-3 цаг, Испани 3-4 цаг, Франц 3-4 цаг, Норвеги 3-4 цаг англи хэлний хичээл үзэж байгаа юм. Сурах бичгийн агуулгад монгол хүний сэтгэхүй, соёл, уламжлал, үнэт зүйлд нөлөөлөх хүчин зүйлүүд нуугдаж явдаг болохоор өөрсдийн онцлогт тохирсон үндэсний хөтөлбөрийг улсын, хувийн бүх сургалтын байгууллага дагах ёстой юм болов уу гэж судлаач хүний хувьд үзэж байна хэмээв.
Харин БМДИ, Гадаад хэл хариуцсан арга зүйч Ц.Алдармаа "сурагчид Европын холбооны түвшингээр A1-B2 түвшинтэй төгсөж байна.Англи хэлний багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадаадын төслөөр англи хэлний багшийн мэргэжлийг дээшлүүлэх тухай илтгэл тавьсан юм.
Мөн Боловсролын удирдлага, tesol магистр Ц.Алтансор "Их дээд сургуулиуд оюутнуудаа заах аргазүй, онолын түвшинд бэлтгэдэг Багшийн хөгжил Шинэ багш нар туршлагатай багш нараасаа суралцах хөтөлбөр боловсруулах Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна ЕБС-ын багш нарын хөгжилд анаарах Төсөл гаргах Мэргэжил дээшлүүлэх хурал зөвлөгөөнд оролцох боломжийг илүү нээж өгөх Онлайн вебинар болон хэлэлцүүлэгт хамрагдах Хөтөлбөрт багш нарын үнэлгээний систем болгож өгөх" хэрэгтэй гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцож байр сууриа илэрхийлэв. Мөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлсэн. Оролцогчдын саналыг англи хэлний сургалтын чанар, үр дүнг сайжруулахад төдийгүй хүүхэд бүрд сургалтыг тэгш, хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр болно гэдгийг хэлэлцүүлгийг санаачлагч Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Алсын хараа 2050, төрөөс боловсролын талаарх баримтлах бодлого. Олон улсад өрсөлдөж чадахуйц хөтөлбөр боловсруулах. Англи хэлний бодлого, хэрэгжилтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Үндэсний боловсролын реформын хөтөлбөр УИХ-д байж болно.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очирт хандаж хэлмээр байна. Англи хэлний 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын сургуулиуд хувийн сургуулиудаас гурав дахин бага үнэлгээтэй байгаа нь та бүхний ажлын үр дүн.
Яагаад сумын сургууль, 5 шарын сургуулийн англи хэлний түвшин доогуур байгаа юм бэ. ЭЕШ-нд англи хэлний бичих, ярих, сонсох чадварыг үнэлдэггүй. Үүнийг үнэлбэл бүр доошилно. Багш нар маш их ачаалалтай учраас өөрийгөө хөгжүүлж чадахгүй байна гэж байна. Та нар үүнийг сонсох ёстой.
Ингээд оролцогчдын саналыг хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн 6-р сургуулийн англи хэлний багш н.Хоовон: Сургалтын орчин хангалтгүй байна. Багш нар илүү их ачаалалтай ажиллаж байна. Хоёрдугаарт, давтлага өгөх ямар ч боломжгүй. Хоёр ээлжээр хичээллэж байгаа учраас.
Багшийн хөгжлийн тухайд багш нар насан туршдаа хөгжиж байж хүүхдүүдээсээ хоцрохгүй байх шаардлага тулгарч байна. Гэтэл багш ажлын байран дээрээ хөгжих ямар ч боломжгүй. Өөрөө хөгжих боломж хайхаар сургуулийн удирдлагууд маань үүнийг ойлгодоггүй. “Хувийн амбицаа хөөж байна. Хэнд туслаад, хаагуур яваад байна” гэдэг асуудал тавьдаг.
Мөн суралцагчдаа судлах цаг огт байдаггүй. Ялангуяа анги удирдсан багшид ангидаа зарцуулах нэг ч цаг байхгүй.
Сурагчдыг 12-р анги төгсөхдөө IELTS болон TOEFL-ийн шалгалт өгөх хэмжээнд англи хэл сурсан байх ёстой гэдэг. Гэтэл ахлах ангийн сурах бичигт эдгээр шалгалын жишиг даалгавар огт байдаггүй.
Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн англи хэлний багш н.Бүжин: Багшийн хөгжлийн тухайд ерөнхий боловсролын сургуулийн багш нар бүгдээрээ ажлын байран дээрээ хөгжих чадваргүй юу эсвэл хөгжих сонирхолгүй байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Багшийн хөгжлийг ярихын тулд маш олон гаргалгаа гаргах хэрэгтэй.
Нэгдүгээрт, багшийн үнэлэмж. Өнөөдөр багшийн үнэлэмж гэдэг зүйл байхгүй болсон. Үүнийг дагаад багш бэлтгэх сургуульд их, дээд сургууль олдоогүй хүүхдүүд орж байна. Дээрээс нь сургалтын хөтөлбөр, сурах бичгийн сайжруулалт зайлшгүй шаардлагатай байна.
Багш нар өнөөдөр жижиг асуудал яриад байгаа мэт боловч бидний өмнө тулгараад байгаа хамгийн гол зүйл ажлын ачаалал. Бид хичээлдээ бэлмээр байна. Хичээлээ л сайхан зааж, ээлжит хичээлээ боловсруулмаар байна. Бидэнд ийм цаг гарахгүй байна. Жишээ нь, би сургуулийн автобусны судалгааг хэдэн янзаар өгч байна. Ийм ажлуудыг бодлоготой болгомоор байна. Багшийн ажлын байрны үүргийг тодорхой болгох шаардлагатай байна.
Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн англи хэлний багш н.Мөнгөншагай: ЕБС угаасаа ачаалалтай байгаа. Давтлага өгөх ямар ч боломжгүй. Анги танхим хүрэлцээгүй.
Багшийн хөгжлийн тухайд багш бие даан хөгжих бүрэн боломжтой. Ялангуяа англи хэлний багш нар. Хувийн туршлагаасаа ярих юм бол АНУ-ын тэтгэлэгтэй сургалт байна. Энэ төрлийн сургалтыг онлайнаар авах боломжтой.
Хамгийн гол нь энд ярьж байгаа гоё хөтөлбөр, шинэчлэл чинь 14-р сургуулийн 12А ангид очоод гацаад байна. Нэг ангид маш олон хүүхэд байгаа учраас. Ангид 30 хүүхэд байхад би сурагч нэг бүртэйгээ ажиллаж чадахгүй байна. Хамгийн гол асуудал нь энэ. Түүнээс биш багшийн хөгжил хувь хүний хандлагаас шалтгаална.
Төрийн өмчит сургуулийн сургалтын орчин хангалтгүй байна. Багшын ажлын байрны хөгжил гэж байхгүй. Суралцагчдаа судлах, ангитай ажиллах цаг байхгүй байна. Багш бэлтгэдэг их сургуультайгаа эргэх холбоотой ажилламаар байна. Сурах бичгийн сайжруулалтыг босоо тогтолцоогоор хийх хэрэгтэй.
ЕБС-ий 7-р сургуулийн багш Г.Цэцэгмаа:
Багшийн хөгжил- Багш нарын англи хэлний түвшинг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажилламаар байна. Багш нар өөрсдийгөө хөгжүүлэх чиглэлд тууштай зүтгэх хэрэгтэй. Мөнгөнцэцэг: Хүүхэд багаасаа гадаад хэлийг эзэмших нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг. 1-4 ангид англи хэлийг нэвтрүүлэх боломж байна уу.
МУБИС-ийн Хэл шинжлэлийн доктор, Англи хэлний багш О.Мягмарсүрэн:
“Дэлхийн зарим улс оронд гадаад хэлний талаарх бодлого шийдвэрийг авч үзэхэд англи хэлнийг эзэмшүүлэх хоёр хандлага байна. Нэгдүгээрт, ард түмэн нь хоорондоо англи хэлээр ярьдаг улс орон. Өөрөөр хэлбэл англи хэл давамгайлсан орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс хоёр дахь хэл болгон судалдаг.
Хоёрдугаарт, англи хэлнээс бусад хэл бүхий орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс гадаад хэл болгон судалж байна.
Манай орны хувьд англи хэлийг гадаад хэл хэмээн судалж байгаа хэлбэр нь хамгийн тохиромжтой боловч хууль эрх зүйн баримт, сургалтын хөтөлбөрүүдэд аль чиглэлийн бодлого барьж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Монгол Улсын хувьд англи хэлний байр суурь бусад гадаад хэлнээс өндөр байж түүнийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хөрөнгө хүч зарцуулсан байдаг. Энэхүү хөрөнгө хүчний ихэнх хувь нь дунд сургуулийн англи хэлний сургалт, сургалтын орчин, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгдсэн байна. Гэтэл элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсын хэмжээнд эхний 10 байрт орсон сургуулийн жагсаалталтаас харахад олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа нь анхаарал татахаар асуудал юм. Багш өөрөө өөрийнхөө ажлыг үнэлж, тухайн сурагчийг дунд түвшинд B1 түвшинд хүрсэн хэмээн 80-100 хүртлэх оноо өгч байхад сургалтын байгууллага тухайн үнэлгээнд хөндлөнгийн үнэлгээ хийхгүйгээр хүлээн зөвшөөрч, суралцагчдад гэрчилгээ, диплом олгосоор байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дурын гадаад хэлний сургалтын төвийн түвшинг цаасаар болон цахимаар 30 минутын дотор үнэ төлбөргүй шалгаж өгдөг шиг хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн хичээлийн жил бүр сурагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг үнэлж болох юм. Үнэлгээний бодлого, хяналт, хариуцлагатай болбол бодлогын хэрэгжилт бодит үр дүнд хүрэх юм.
ЕБС-ий 4-р сургуулийн багш Баясгалан:
Англи хэлний хичээлийг англи хэл дээр л явуулмаар байна. Ангийн менежментийг сайжруулах. Багшийн хөгжилд төрөөс дэмжлэг үзүүлмээр байна.
Орхон их сургууль С.Оюунтунгалаг:
ЕБС сурагчдын төвшинг сайжруулах. ЕБС-ийн англи хэлний түвшинг сайжруулахад л анхаарах хэрэгтэй. Сурах бичгийн агуулга, англи хэлний авиа зүйн хичээлийг системтэйгээр заах хэрэгтэй.
Хилийн Чанад дахь Монголчуудын холбоо:
Багш нарыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Оюутнуудыг эзэмшсэн мэргэжлээр нь гадагшаа сургах Үнэлгээний систем Судалгаанд суурилсан, монгол хүүхдийн ахуйг шингээсэн аргазүйг хөтөлбөрт тусгах Монгол багш нарыг шведийн багш нартайгаа холбож, сургалт хийх.
Хүмүүнлэгийн их сургууль гадаад хэлний тэнхим Г.Эрдэнэцэцэг:
Багш бэлтгэдэг сургуултйн төгсөгчид төрийн өмчийн газар ерөөсөө ажилладаггүй. Залгамж холбоо анхаарч бэлтгэсэн боловсон хүчнээ дэмжих хэрэгтэй.
Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Т.Сараннэмэх:
Багшийн мэргэжлийн стандарттай болгох. ЭЕШ -ээр багшийн сайн муу гэж дүгнэх нь буруу. Англи хэлний үндэсний хөтөлбөр 2020-ыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Багш нарын саналыг авах хэрэгтэй Багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй.
Боловсролын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан Н.Ундармаа:
Багш нарыг англи хэлтэй болгох тал дээр төрөөс дэмжлэг үзүүлж, Сингапур гэх мэтчилэн англи хэлтэй орнуудад сургалтанд явуулж, чадавхжуулах хэрэгтэй.
Багш мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Энхамгалан:
Багшийн сургуулийн 4 курсийнхээ оюутнуутнуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Англи хэлний шалгалтийг 2 түвшинд авдаг байх нь зөв юм.
Хэлэлцүүлэгт оролцсон багш нар анги танхимын хүрэлцээгүй байдал, багшийн ачаалал, нэг ангид ногдох сурагчийн тоо хэтэрсэн, багшийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдах боломж цаастай зууралдсанаас үүдэн хомс байдаг зэргийг хэлж байна. Мөн англи хэлний өндөр ур чадвартай сайн багш, сайн төгсөгчийг хувийн сургуулиуд өндөр цалин амлаж авдаг тул бэлтгэгдсэн сайн багш төрийн өмчит сургуульд удаан ажиллахгүй байгааг ярьж байна. Иймд цаашид ЕБС-д сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах, TESOL зэрэг багшийн үнэлгээний системийг нэвтрүүлж, ур чадвараас хамааран багшийн цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн хөтөлбөрийг төрийн бодлогоор дэмжих нь чухал байгааг онцоллоо. Багшийн хөгжлөөс сургалтын амжилт, боловсролын шинэчлэл хамаарах тул нэн тэргүүнд багшаа бэлдье, чадваржуулъя, чадварлаг багшаа улсын сургуульдаа тогтоохын тулд урамшуулъя гэдэг санал давамгайлав.
Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ын оноонд анализ хийхэд төрийн өмчит сургуулийн сурагчдын англи хэлний дундаж оноо гурав дахин бага байна. Иймээс энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдвийг англи хэл хэмээн сонгосон. Олон улсад өрсөлдөхүйц үндэсний боловсролын хөтөлбөрийг дэмжинэ. Монгол соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээг шингээсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр хамаарахгүй хэрэгжүүлэх нь зүйтэй. Бидний хийх ёстой олон зүйл байна. Багшийн тасралтгүй хөгжих үйл ажиллагааг дэмжихэд Засгийн газар анхааран ажиллана. Хэрвээ шаардлагатай бол бид том шинэчлэлт хийх, УИХ-ын түвшинд дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ч боломжтой. Бүх шатны боловсролыг эргэн харах хэрэгтэй. Үүний үр дүнд Монгол Улсын боловсрол дэлхийд өрсөлдөхүйц болж чадна. Бид дараа дараагийн хэлэлцүүлгийн бүсчлэн хийх санал ирж байгааг харгалзан үзэж, олон сэдвийн хүрээнд үе шаттай зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсээ сонсохоор төлөвлөж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд боловсролын салбарын бодлогод та бүхний саналыг тусгах болно.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба