Бид аль нэг гадны хөтөлбөрийг импортлох биш үндэсний боловсролын тогтолцоо, хөтөлбөрөө сайжруулаад явах ёстой

Updowm.mn сайтын сэтгүүлч Н.Цэндбаттай үндэсний боловсролын салбарын тогтолцоог сайжруулах асуудлаар ярилцлаа.

-Та Боловсролын салбарт нэлээн анхаарал хандуулж, уулзалт, хэлэлцүүлгүүд хийж эхлээд байгаа. Монголын Боловсролын чанар муудаж, тэгш бус байдал хэзээнээс шалтгаан нөхцөл нь юунд байсан гэж бодож байгаа вэ?

-Өнгөрсөн 70 жилд Монголын Боловсролын суурь тогтолцоо харьцангуй сайн тавигдаж бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгож ирсэн байдаг. Харамсалтай нь шилжилтийн 30 жилд Боловсролын салбарт тэгш бус байдал бий болж, боловсролын тэгш бус хүртээмж газар авсан. Үүний гол шалтгаан бол төрөөс явуулж байгаа боловсролын салбарын санхүүжилт алаг цоог, тэгш бус, дээрээс нь тухайн санхүүжилт хийхдээ хүн амын шилжилт хөдөлгөөн, хүн ам, хүүхдийг өсөлт, газар зүйн байршил зэргийг харгалзаж үзээгүй байдаг. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөн төв рүүгээ, тэр дундаа нийслэл рүү чиглэсэн. Нийслэлийн төрийн өмчит сургуулиудын сурагчдын тоо огцом өсч, нэг бүлэгт суралцах хүүхдийн тоо ихэссэн. Энэ бол яах аргагүй боловсролын чанарт шууд бусаар нөлөөлж байна.

Энэ нь олон хүүхэдтэй бүлгүүдэд заагдаж байгаа англи хэл, орос хэлний гэх мэт хичээлийн чанар муудах, багшийн сургалтын чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн төрөөс нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг бас ялгаатай байдлаар өгдөг нь ч нөлөөлж байна. Төрөөс Боловсролын салбарт хийж байгаа санхүүжилт өнгөрсөн хугацаанд барилга байшин, урсгал зардал гэх мэт хатуу зардалд явсан болохоос биш сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багшийн хөдөлмөрийг үнэлэх тал руу бага шингэсэн байна. Тийм учраас санхүүжилтийг эргэж харах шаардлагатай.

Мөн санхүүжилтийг ил тод болгох, шаардлагатай санхүүжилтийг хүүхдийн тооноос хамааруулж тухайн бүлэг, анги сургууль руу өгөх шаардлагатай.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газраас 200 гаруй ЕБС-ыг ашиглалтад оруулж, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгасан. Тэгсэн ч хоёр ээлжээр хичээллэдэг нэг анги дахь хүүхдийн ачаалал асар өндөр байна. Түүнийг ч гэсэн цөөлөх шаардлагатай учраас сургууль, цэцэрлэг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ багшийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл рүү илүү санхүүжилт хийх шаардлагатай байна.

Ер нь олон улсын дунд сургуулиудын 15 настай хүүхдүүдийн түвшин үнэлдэг, шалгалтын дүнгээс харахад боловсролын салбартаа санхүүжилт хийдэг улс орны хөгжил өндөр байна. Тэр хэмжээгээр сургалтын чанар сайн байдаг. Манай улсын хувьд боловсролын салбарын санхүүжилт ДНБ-ний 2,1-5 хүртэл хувийн эзэлж байна. Үүнийг цааш нэмж 8-10 хувьд хүргэх шаардлагатай. Ингэж байж бид боловсролын чанарыг сайжруулна. Олон улсад өрсөлдөх Үндэсний боловсролын тогтолцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд санхүүжилтээс гадна багшийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургалтын орчныг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг нэлээд олон ажил хийх шаардлагатай байгаа юм.

-Кембриджийн хөтөлбөртэй холбоотой асуудал яригдаж эхлэхэд та цаг нь болоогүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Яагаад вэ?

-Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Олон улсад өрсөлдөж чадахуйц, үндэсний боловсролын хөтөлбөрийг шат дараатай нэвтрүүлнэ” гэж заасан байгаа.

Аливаа улс орны хөгжлийг авч явах хойч ирээдүй үеийг бэлтгэх явдал тухайн улсын боловсролын гол зорилго байдаг. Тийм учраас бид аль нэг гадаадын хөтөлбөрийг импортлох биш үндэсний боловсролын тогтолцоо, хөтөлбөрөө сайжруулаад явах ёстой. Энэ тал дээр манай төрийн боловсролын бодлого чиглэнэ.

-Боловсрол асуудал яригдахад сурах бичгийн чанар заавал хөндөгдөнө. Сүүлийн үед хэвлэгдэж байгаа сурах бичиг агуулгын хувьд чанаргүй байна. 70, 80-аад онд судалж байсан сурах бичгийн чанар өөр. Тухайлбал, уран зохиол, монгол хэл бичгийн сурах бичгийн эх бичвэр, бүтээлүүд монголын алдартай зохиолчдын олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолуудаас ишлэгдэж орж ирж, уг хэл найруулга дээр шинжилгээ хийлгэдэг байсан. Харин өнөөдөр хэл найруулга муудаж, сошиал орчны комент шиг болчихсон байна. Цаашдаа номын чанарын асуудал дээр хэрхэн анхаарах вэ. Чанаргүй ном үйлдвэрлэж байгаа үргүй зардлыг багасгах тал дээр хэрхэн яаж анхаарч ажиллах бодолтой байна вэ?

-Байнгын хороо болон УИХ-ын гишүүдийн нэр дээр сурах бичгийн агуулга, чанартай холбоотой гомдол маш их ирж байна. Сурах бичгийг чанартай хийх, тэр дундаа сурах бичгийн агуулгын давхардлыг арилгах асуудлаар багш нар их санал тавьж байгаа. Дөрөвдүгээр ангийн хоёрдугаар хагаст үзсэн хичээл тавдугаар ангийн эхний хагас жилд буюу хоёр дахь жилдээ давтан орж ирдэг. Эсвэл сурах бичгийн агуулгад үг зүйн болон бусад алдаа гарах, түүхэн баримтыг ташаа оруулсан мэдээллүүд олон байна.

Дээрээс нь Монгол хэл, Монгол бичгийн боловсролыг нэмэгдүүлэхэд унших бичиг, унших бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Хуучны буюу 1990 оны өмнөх боловсролын тогтолцоонд уран зохиол эх хэлний боловсрол өндөр төвшинд байсан. Гэтэл цөм хөтөлбөрийн явцад хамгийн их танагдсан, хасагдсан хичээл бол уран зохиол, унших бичгийн хичээл байна. Тэгэхээр шинээр хөтөлбөрийн агуулгыг баяжуулах, цагийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн зарим эцэг эхчүүдийн зүгээс Монгол хэлний хичээлийн дүрэм маш ээдрээтэй, хүүхдэд ойлгомжгүй болсон, хүнд байна гэдэг. Бид хүүхдэд дүрмийн хичээлийг заахаас гадна давхар монгол хэлээрээ эх зохиол унших, эссэ, найруулан бичих, шүлэг зохиол цээжлэх зэрэг эх хэлний боловсролыг анхаарах ёстой болсон цаг. Ингэж байж Монгол үндэсний бичиг соёл дараа дараагийн үед өвлөгдөн үлдэх ёстой. Тийм учраас Монгол хэл, уран зохиолын сургалтад анхаарч байгаа.

-Төлбөр өндөртэй хувийн сургуульд хувьсах зардал өгөх нь хэр шударга тогтолцоо вэ. Мэдээж хүүхэд бүр тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших ёстой ч, хувийн сургуулиуд жилд ихдээ нэг өрөө байрны үнэтэй дүйх төлбөр авдаг ч багшийн цалин маш бага. Гэсэн хэрнээ төсвөөс санхүүждэг төрийн өмчийн сургуулиудтай зэрэгцэн Боловсролын төсвөөс авдаг. Энэ нь шударга тогтолцоо мөн үү?

-Хувьсах зардлын хувьд бүх төрийн өмчит сургуулиудын хувьд нийслэл, орон нутаг байна уу гэдгээс хамаарч нэг хүүхдэд ногдох зардлыг ялгаатай тавьж байгаа. Хоёрт хувийн сургуулиудад бол төлбөрийн хэмжээнээс хамаараад мөн ялгаатай олгодог. Жил бүр 10 саяас дээш төлбөртэй бол нийт олгох зардлыг 30 хувь, 5 сая хүртэл бол 100 хувь ч гэдэг юм уу. Үндсэндээ бол төрийн өмчит сургуулиудтай ижил хувьсах зардал авдаг. Хувийн хэвшлийн сургуулиудад төлбөрөөс хамааруулан ялгаатай олгодог.

Эцэг эхчүүд болон олон нийтийн зүгээс хувийн хэвшилд өгч байгаа хувьсах зардлыг хасах нь зөв, олгохгүй байх нь зүйтэй гэсэн санал ирдэг. Гэтэл хувийн сургуулиуд төрийн ачаанаас үүрэлцэж байгаа гэдэг утгаараа Монгол төрийн боловсролд хувь нэмэр оруулж байгаа тиймээс хувийн сургуулийн хувьсах зардлыг танах гэхээсээ илүү төлбөрөөс хамааруулан ялгавартай олгож байгаа бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зөв байх.

Хувийн сургуулиуд нийгмийн хариуцлагын үүднээс тухайн хамран сургах тойргийн хүүхдүүдээ сургах, мөн төрийн өмчит сургуулиудтай хамтран ажиллах, зарим хичээл дээр, зарим анги танхим, лобартори, багшийг төрийн өмчит сургууль дээр ажиллуулах байдлаар хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хүлээх байдал дээр Монгол төр дэмжлэг үзүүлнэ. Хувийн сургууль Монголын боловсролын 30 жилийн шилжилтийн үеийн томоохон ачааллыг үүрч ирсэн.

-Та УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай хамтран “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвтэй хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ сарын эхээр “Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй байхад чиглэх, Үндэсний хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлэх” талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бол 9-р сарын 23-ны өдөр “Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний сургалт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Яагаад заавал англи хэлний асуудалд ийнхүү анхаарал хандуулах болов?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноог харьцуулаад үзэхээр төрийн хэвшлийн болон хувийн хэвшлийн сургуулиудын онооны ялгаа хамгийн их байгаа хичээл бол Англи хэл. Тухайлбал, Хувийн хэвшлийн сургуулийн англи хэлний оноо гурав дахин өндөр байна. Энэ юуг харуулж байна гэхээр Төрийн хэвшлийн сургууль дахь сургалтын хүртээмж, чанар тааруу байна гэсэн үг.

Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг мэргэжлийн хүмүүстэйгээ бодлогын төвшинд авч үзэхээр хэлэлцээд явж байна. Судалгаа хийж үзэж байна. Нэлээн хэдэн судалгаа, бодлогын баримт бичгүүдийг харлаа. Бусад орнууд дахь гадаад хэлний төвшин ямар байна. Манай улсад шаардлагатай шинэ зүйл юу байна гэдгийг харж байна.

Ингээд харахаар төрийн хэвшлийн сургуулиудад хамгийн их тохиолдож байгаа зүйл анги танхимын хүрэлцээ буюу нэг анги дахь сурагчийн тоо маш өндөр байгаа. Тухайлбал, гадаад хэлний хичээлийн онцлогоос хамааруулаад хэлийг бүлгээр, төвшингөөр ялгаатай зааж байж тухайн хичээл үр дүнтэй болно. Гэтэл нэг ангид дунджаар 40, 50, 70 орчим хүүхэд сурч байна.

2018-2019 оны судалгаагаар үзэхээр нийслэлийн төрийн өмчит сургуулиудад 80 гаруй бүлэг 41-70 хүүхэдтэй сурсан байгаа юм. Тэгэхээр англи хэл, орос хэлийг үр дүнтэй заах боломж байхгүй байна. Мөн Англи хэлний багш нарын бидэнд хүсэлт ирүүлсэн гол бэрхшээл бол багшийн цалин, үнэлэмж. Багшийн цалин маш доогуур байна. Англи хэлний үнэлэмжийг яаж нэмэх вэ? Тухайн багшийн заах арга зүй, чадварыг үнэлэхийн тулд багшийн ангид сурч байгаа хүүхдүүдийн англи хэлний түвшин, онооноос ялгаатай байдлаар цалинг нь тогтоох асуудлыг багш нар ярьж байна.

Төрийн өмчит сургуулиудынхаа сургалтын чанарыг сайжруулах, боловсролд үүсээд байгаа тэгш бус хүртээмжийг арилгах үүднээс бодлогын өөрчлөлт хийх ёстой. Өнөөдөр бид Англи хэлний хичээлийн асуудлыг ярьж байна. Дараа дараагийн хэлэлцүүлгээрээ байгалийн ухаан, мэдээлэл нэвтрүүлэх, цахим асуудлаар, багшийг хөгжүүлэх, боловсролын салбарын санхүүжилт гэх мэт тулгамдаж байгаа олон асуудлаар цуврал хэлэлцүүлэг, бодлогын асуудлыг яриад явах болно.

-Багшийн ур чадвараас хамааран цагийн үнэлэмжийг ялгамжтай олгож байна гэж байна. Багш нарын төвшинг тогтооно гэсэн үг юм уу?

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт чадварлаг багш гэсэн хөтөлбөр оруулсан байгаа. Уг хөтөлбөрийн гол зорилго бол багшийн ажлын үнэлэмжийг боловсронгуй болгох, багшийг бодитоор үнэлэх, багш ажлын байран дээр бодитоор хөгжих боломжийг нээх үүднээс засгийн газраас хийх ажлуудыг тодорхойлж оруулж байгаа.

Өнөөдрийн хувьд Англи хэлний хичээл бол онцлогтой. Тухайн багшийн Намар хичээл шинээр бүрдэж байгаа тохиолдолд хүүхдүүдийн англи хэлний төвшин А1 байсан уу? Тэгвэл хичээлийн жилийн төгсгөлд А2 эсвэл В1 рүү орсон уу. Төвшин хэр ахиж байна. Үүнээс улбаалж, багшийн үнэлэмжийг ялгаатай тогтоох саналыг багш нар дэвшүүлж байна. Үнэхээр авч үзэх шаардлагатай Боловсролын яамны тооцон үзэж, хөдөлмөрийн бүтээмжийг ялгаж дүгнэх ёстой.

Үүнтэй адил мэдээлэл зүйн багш, биеийн тамирын гээд салбараас хамаарч ачаалал нь өөр өөр байгаа. Жишээлбэл, хувийн хэвшлийн сургуулиудад ангил хэлний төвшин өндөр байгаа гол онцлог хичээлээс гадуур давтлага өгдөг. Тухайн хүүхэд хичээлээс гадуур нэмэлт сургалтууд авах боломжтой байгаад байгаа.

Үүнийг төрийн хэвшлийн сургуулиуд бий болгох нь Монголын боловсролын бодлогын нэг үүрэг болоод байна.

-Хэлэлцүүлэг дээр Англи хэлийг хоёр дахь хэл болгох эсэх асуудал хөндөгдөж байна. Та хувь гишүүний хувьд юу гэж үзэж байгаа юм бэ?

-Монгол төрийн бодлогод Монгол хэл нь үндэсний соёл, монгол өв уламжлалын Монгол төрийн, монгол үндэсний соёлын дархлаа байх ёстой. Тиймээс Монголын боловсролын бүхий л хууль, Төрийн албаны тухай хуульд Монгол хэлээр албаны хэргээ хөтлөн явуулна гэж заасан байгаа.

Англи хэл хоёрдогч гадаад хэл гэдгээрээ дэлхийн маш олон орон явж байна. Монгол улс хоёрдогч гадаад хэл гэдэг рүүгээ боловсролын бодлогууд, их дээд, дунд боловсролын бүх хөтөлбөрүүдийг заагаад явсан байгаа. Тэгэхээр ямар нэгэн боловсролын зөрчилдөх асуудал байхгүй. Даяаршлын нөхцөлд дэлхий нийтээрээ үндэстэн хоорондын соёлын даяаршил явж байгаа. Тиймээс бид англи хэлийг хоёрдогч гадаад хэл гэдгээрээ боловсролын хөтөлбөртөө заагаад явж байгаа ч ямагт үндэсний эх хэлээ нэгдүгээр тавьж, үндэсний хэлний бодлогоо давхар авч явах ёстой.

-Сурагчдын сурлагын асуудал олон жил яригдаж байгаа. Гол асуудал Монгол Улсын Боловсролын их сургууль багшлах боловсон хүчин бэлтгэдэг учраас босго оноо өндөр, цалин хангамж өндөр, багшийн мэргэжлийг сонгох хүмүүсийн шалгуур нь ч гэсэн өндөр байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ байгаад байна л даа. Энэ тал дээр төрөөс ямар бодлого баримталж байна вэ?

Сайн багшийг бэлтгэх бодлого бол Монгол Улсын төрийн өмчит багш бэлтгэдэг их сургуулийн гол зорилго байгаа. Тиймээс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Боловсролын их сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан хүүхдүүдийг 100 хувь төрийн зардлаар буюу улсын тэтгэлгээр сургаж байгаа. Энэ оюутнууд сурч байх явцдаа шилдэг, мундаг багш болох нь мэдэгдээд дадлага хийж байгаа сургуулиуд нь урилгаар авч ажиллуулдаг. Харамсалтай нь өндөр оноотой сайн бэлтгэсэн төгсөгч маань хувийн сургууль руу шилжсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, цалин хангамж, өндөр цалингийн улмаас төрийн хэвшлийн сургуульд ажиллах боломжгүй байгаа. Тиймээс сайн багшийг төрийн өмчийн сургуульд ажиллуулахын тулд нэгт багшийн ахуйн хангамж, үнэлгээ, хөдөө орон нутагт шинээр төгсөгчдийг орон байраар хангах асуудлыг тухайн орон нутгийн засаг дарга, тамгын газартай гэрээгээр шийдвэрлэж байх ёстой байна.

Хуучныхаар бол илгээлтийн эзэд хөтөлбөр сайн хөтөлбөр байлаа. Үүнийг орчин үетэйгээ нийцүүлэн арай өөр байдлаар зохион байгуулах шаардлагатай байгаад байна. Жишээлбэл, хөдөө орон нутагт Мэдээлэл зүйн багш, Англи хэлний багш дутагдалтай байдаг. Шинээр төгсөж байгаа багш нэг хоёр жил ажиллаад төв рүү шилжээд явдаг. Шаардлагатай чухал салбартаа тухайн багшийг тусгайлсан нэмэлт хангамж, нэмэлт гэрээгээр хангаж ажиллах шаардлагатай.

Н.ЦЭНДБАТ