1. Барилга байшин биш багшийн хөгжилд мөнгө зарах ёстой.
Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын төсөв барилга байшин буюу хатуу дэд бүтэц рүү 70-80 хувь нь орж ирсэн.Багшийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын технологид маш бага мөнгө зарцуулж ирсэн. Тиймээс санхүүжилтийг шинэчлэх оновчтой болгох ёстой.Боловсролын санхүүжилтийн тодорхой хувийг багшийн хөгжил, технологийн шинэчлэл гэх мэтэд зарцуулахаар хуульчилж өгье.
Багшийг хөгжүүлэх, сургалтын технологийн шинэчлэл зэрэгт илүү хөрөнгө оруулах шаардлагатай. Ирэх жилд бид үүнд анхаарч ажиллана. Боловсролын тухай хуульд боловсролын санхүүжилтийн 20-30 хувь нь багшийн үнэлэмж, багшийн нийгмийн хамгааллын бодлого руу, тодорхой дүнг сургалтын хөтөлбөр, технологийн шинэчлэлтэд зарцуулах зэргээр квот тогтоох боломжийг эрэлхийлэх болно.
2. Монгол хүүхэд дэлхийн дундажтай харьцуулахад 2-3 дахин их ачаалалтай байна. Багш сурагчийн ачааллыг тооцож, сургалтын хөтөлбөрийн уян хатан тогтолцоог бий болгох хэрэгтэй.
АНУ-ын 9 дүгээр ангийн хөтөлбөрт 10 хичээл үзэж байхад манай улсад 19 хичээл үзэж байна. Бараг бүх анги 5-6 тоогоор илүү ачаалалтай байна. Суралцагчийн хөтөлбөр ачаалалтай байгаа нь багшийн ачааллыг нэмдэг.
3. Багш нарын ачаалал өндөр ажиллаж байгаа ч цалин хангамж дэлхийн боловсролын салбарын түвшнээс доогуур байгаа нь боловсролын чанарт нөлөөлж байна.
Бага ангийн багшийн ачаалал дунджаар өдрийн 10-11 цаг ба нэг багшид ногдох суралцагчийн тоо 30.6 буюу Герман 12.3, АНУ 14.5, Япон 16 байгаатай харьцуулахад өндөр байна.
Багш өдөрт 10-12 цагийг сургалт хүмүүжил болон бусад ажилд зарцуулдаг. Үндсэн ажлаас гадна олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг сумын удирдлтагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах гээд бичиг цаасны ажлыг жагсаахад 419 төрлийг ажил хийдэг.
4. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог бий болгох, анги дүүргэлт, ажлын ачааллыг багасгаж, багш нарыг ажлын байран дээрээ хөгжих бололцоог бий болгон, төр засгаас дэмжих бодлого баримтална.
5. Нийслэлийн хүн амын төвлөрөл, ЕБС-ийн сургалтын чанар, анги дүүргэлт, багшийн ачаалал, сургалтын технологи зэрэгтэй уялдуулан Боловсролын тухай багц хууль, багшийн тухай хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна.
“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Удаах хэлэлцүүлгийг есдүгээр сарын 24-ний өдөр “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр зохион байгуулсан билээ. Тэгвэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.
Боловсролын реформын эхлэл болсон энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо цааш нь үргэлжлүүлж, үндэсний хэмжээнд бүсчлэн зохион байгуулахаар болсон билээ. Улмаар хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Боловсролын суурь хууль, Боловсролын тухай багц хууль, Багшийн хөгжлийн тухай хуулийг шинэчлэх юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба