Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын хамт Улсын Их Хуралд Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлэг байгууллаа. Энэ тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна.
Тус лобби бүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг санаачилсан бөгөөд ахлан ажиллах юм. Лобби бүлгийн гишүүд мэргэжлийн болон нийтийн биеийн тамирыг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг дэмжих болон тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэхэд олон улсын дэвшилтэт туршлага, ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлэх чиглэлээр төрийн бодлого, хуулийг санаачлан батлуулахын төлөө идэвхтэй ажиллана.
Түүнчлэн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.