Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахалсан тус Ажлын хэсэг өнөөдөр /2021.05.04/ хуралдав.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021.04.27-ны өдрийн хуралдаанаараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын мэдээллийг сонссоноор уг мэдээлэлтэй холбогдуулан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн хуралдаанд Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүдээс хөндсөн асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ. Мөн салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөв.
Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонсож, хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харъяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцан, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэх юм.
Эх сурвалж: http://www.parliament.mn/