Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.25) цахим хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу танилцуулсан.
Тэрбээр мэдээлэлдээ, Улсын хэмжээнд нийт 457 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан. Энэ арга хэмжээний ажлын явцаас мэдээлэхэд тендер зарлагдсан 304 буюу 67 хувь, үүнээс тендерийн нээлт хийж, үнэлгээ хийж байгаа 63 буюу 14 хувь, гэрээ байгуулах эрх олгосон 81 буюу 18 хувь, тендер шалгаруулалт зарлагдсан, хүлээж авах эцсийн хугацаа дуусаагүй 160 буюу 35 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү 457 төсөл арга хэмжээний хүрээнд нийтдээ цэцэрлэг 36, сургууль 18, эмнэлэг 16, соёлын төв 7, автозам 9, шугам сүлжээ 11 байгааг онцлов.
Нийтдээ 146 төсөл арга хэмжээний зураг төсөв бэлэн болсон бөгөөд үүнээс зурагтай 115, зураггүй 67, магадлал хийгээгүй 40, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр зарласан 35 төсөл арга хэмжээ байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдаж байгаа боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний явцаас дурдахад БСШУЯ-ны 47 төсөл арга хэмжээ байгаагаас өнөөдрийг хүртэл 33, Соёлын яамны 10 төсөл арга хэмжээнээс гурав, Биеийн тамир, спортын улсын хорооны төсөвт тусгагдсан долоон төсөл арга хэмжээнээс тавынх нь ажлын даалгавар, зураг төсөв, ТЭЗҮ, холбогдох мэдээлэл ирээгүй байна гэж байлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд улирлын шинж чанартай ийм ажлыг төсөв батлагдсан даруйд худалдан авах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсанаас ажлын тав хоногийн дотор зураг төсөв, ТЭЗҮ-гээ холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар ирүүлсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар зөвхөн дээрх гурван салбарын хувьд 41 төсөл арга хэмжээний холбогдох материалыг ирүүлээгүй буюу тендер зарлах боломжгүй байгааг мэдээлэлдээ онцолсон.
Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх, Биеийн тамир, спортын улсын хорооны Дэд дарга Ц.Одонбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэллээ.
Эх сурвалж: http://www.parliament.mn/